Зөвлөгөө

Аудио, гэрэлтүүлэг, тайзны шийдэл сонгох, ашиглах талаарх практик зөвлөгөө, нийтлэлүүд.

Active ба Passive Speaker: Ялгаа нь юу вэ, алийг нь сонгох вэ?

Active ба Passive Speaker: Ялгаа нь юу вэ, алийг нь сонгох вэ?

Дууны систем сонгох үед бараг хүн бүрийн өмнө Active speaker авах уу, эсвэл passive speaker авах уу? гэсэн нэг ижил асуулт гарч ирдэг.

Active болон passive чанга яригчийг харьцуулахын өмнө тэдгээрийн үндсэн ялгааг ойлгох хэрэгтэй. Учир нь энэ хоёрын ялгаа нь дуугаралтад бус, харин системийн бүтэц, ажиллах зарчимд байдаг.

Passive яригч нь дотроо өсгөгчгүй тул гадна өсгөгч шаарддаг. Харин active яригч нь өсгөгч болон DSP-ээ өөр дотроо агуулсан байдаг. Тиймээс гадна өсгөгч хэрэггүй бөгөөд ихэвчлэн тэжээлийн болон сигналын кабелиуд холбоход л хангалттай.

Active системүүд сүүлийн жилүүдэд түгээмэл болсон гол шалтгаан нь ашиглахад хялбар байдал юм. Өсгөгч болон DSP нь үйлдвэрээс нэгтгэн тохируулсан байдаг тул хэрэглэгчийн хийх тохиргоо харьцангуй бага бөгөөд тиймдээ ч туршлага багатай шинэ хэрэглэгчид ч ажиллуулах боломжтой.

Мөн олон тоног төхөөрөмж шаардахгүй, холболт бага учраас хурим, эвент, DJ үйлчилгээ болон түрээсийн компаниудын дунд түгээмэл ашиглагддаг. Ялангуяа богино хугацаанд угсарч буулгах шаардлагатай үед active систем нэн таатай байдаг.

Харин passive системүүд концерт, театр болон суурин аудио системүүдэд өргөн хэрэглэгдсээр байна. Өсгөгч, DSP болон бусад төхөөрөмжүүдийг төв rack дээр байрлуулснаар дууны системийг нэг цэгээс хянах боломжтой. Мөн өсгөгчөөсөө тусдаа тул жин багатай байх нь элбэг бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон өсгөгч, процессор сонгох боломжтой.

Найдвартай ажиллагааны хувьд active, passive хоёрын аль нь илүү найдвартай вэ гэж нэг мөр хэлэхэд хэцүү. Харин эвдрэл гарсан үед системд үзүүлэх нөлөө нь өөр байдаг. Active системд өсгөгч, DSP болон драйверууд нэг кабинет дотор байрладаг тул дотоод хэсэгт асуудал гарвал тухайн яригч бүхэлдээ ажиллагаагүй болж болзошгүй. Гэхдээ яригч бүр өөрийн өсгөгчтэй байдаг учраас нэг төхөөрөмжид гарсан асуудал системийн бусад хэсэгт нөлөөлөхгүй.

Харин passive системд өсгөгч тусдаа байдаг тул засвар үйлчилгээ хийхэд илүү хялбар байж болно. Гэхдээ нэг өсгөгчөөр хэд хэдэн яригч ажиллуулж байгаа тохиолдолд өсгөгчийн гэмтэл нь түүнд холбогдсон бүх яригчид нөлөөлөх эрсдэлтэй.

Мөн гадаа ашиглалтын тухайд passive системүүд илүү өндөр хамгаалалтын зэрэглэлтэй (IP Rating) байх нь түгээмэл. Тиймээс бороо, чийг, тоосжилт ихтэй орчинд суурилуулах бол passive системийг түлхүү сонгож байна.

Эцсийн дүндээ active болон passive системийн аль нь илүү сайн гэсэн нийтлэг хариулт байхгүй. Хэрэв танд хурдан угсралт, зөөвөрлөлт, ашиглахад хялбар байдал чухал бол active систем тохиромжтой. Харин өндөр хүчин чадал, өргөтгөх боломж, төвлөрсөн удирдлага шаардлагатай бол passive систем илүү оновчтой сонголт байж болно.